Saturday, September 1, 2007
Оакланд хотноо онцгой гурван үйл явдал боллоо
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юугаан бишрэн магтмуу би
9-р сарын 1-ны энэ сайхан өдөр Бэй Аэриад олон сайхан тэмдэглэлт зүйлс боллоо. Өглөө 10-н цагт Оакланд дахь Монголын Христийн сүмийн дэргэдэх “Эрдэм” сургууль анхныхаа хонхыг цохиж монгол хэлний сургалтын нээлтээ хийсэн бол, өдөр 1 цагт Гавъяат жүжигчин Л. Чимэддорж гуайн удирдан явуулах Бэй Аэриагийн анхны “Алтан хараацай” Хүүхэлдэйн хамтлагын уулзалт Ажаа гэгээний төв дээр болж, мөн уулзалтын дараа ахлах сургуулийн сурагч Урангоо, Хүүхдийн танин мэдэхүйн “Би Монгол” сэтгүүлийн анхны дугаарынхаа дээжээс хуран цугласан бүхэнд бэлэглэлээ.
Л. Чимэддорж гуай Монголын Өсвөр Үе хүүхдийн байгууллага, БАМХолбоо, Замдаан сэтгүүлтэй хамтран Бэй Аэриад “Алтан хараацай” хамтлагыг байгуулахаар сэтгэл шулуудан шургуу ажиллаж байгаа билээ. Тэрээр уулзалтан дээр хэлэхдээ: “Энд ирсэн хүүхдүүдийг харахад эрсдлээс айдаггүй, сайн сайхан юманд тэмүүлдэг сайн хүүхдүүд байна. Ийм ямар нэгэн эрсдэлээс болгоомжилдоггүй өөрийнхөө зорьсон юм руу шийдэмгий чиглэдэг улсууд тодорхой амжилтанд хүрэх илүү их боломжтой юм гэж би боддог. Тэгэхээр та бүхэн өнөөдөр надад ийм сэтгэгдэл төрүүлсэн болохоор би та бүхэнтэй маш их ойр дотно хамт ажиллах болно. Өнөөдөр та бид нарын хооронд багш шавийн харилцаа үүслээ, за тэгэхээр дамжаа явагдаж эхэлсэний дараа би найруулагч, та нар жүжигчин болох юм шүү” гэлээ.
Чимэддорж гуай монгол дахь “Алтан Унага” театраа бидэнд танилцуулж, хожим нь бид (“Алтан Унага”, “Алтан Хараацай” хоёрын) хамтарсан тоглолт ч хийж болох юмаа гэж онцлон хэлсэн нь алсыг харсан билэг дэмбэрэлтэй сайхан үг байлаа.
Тэрээр хүүхдүүдэд “Бушуу Туулай” танин мэдэхүйн бэсрэг жүжгийн зохиолоо уншин өгч, хүүхдүүдтэй харилцан ярьж, асуулт асууж тэднийг ярианыхаа төвд авч байсан нь хүүхдүүдийн сонирхолыг нь ихэд татаж байх шиг санагдсан. Жишээ нь жүжгээ уншиж дуусаад хүүхдүүдээс юуны тухай гарч байна, юу нь хэрэгтэй гэж байна гэж асуухад тэд дор бүрнээ ойлгосон үгүйгээ илэрхийлэхэд, ойлгоогүй өнгөрсөнд нь дахин тайлбарлаж өгч байлаа.
Дараа нь тэд дүрээ сонгоцгоон дараагийн уулзалтанд жүжгийн онол, үгийн дуудлага, аялага зэрэг дээр ажиллахаар тохирч уулзалтаа ирэх хагас сайнд 11 цагаас хийхээр товлоцгоогоод өндөрлөлөө.
Мөн үеэр “Би Монгол” сэтгүүлийг эрхлэн гаргагчид эцэг эхчүүдэд сонингоо танилцуулан, хүүхэддээ уншиж өгч байхыг хүсэхийн хамт монголоор уншиж чаддаггүй дүү нартаа анхны дугаарт хэн юуны тухай орсоныг тайлбарлан, танилцуулж байсан нь тэдэнд хүргэх гэсэн чармайлтын нэгэн хэсэг байлаа.
Урангоо охин (цаана байгаа нь) энэ жил ахлах сургуулиа төгсөх бөгөөд тэрээр ээж Эс-Олдохын хамт (зураг дээр) энэхүү сэтгүүлийг санаачлан, найз нарынхаа хамт эрхлэн гаргаж буй юм.
Ийнхүү Бэй Аэриагийн монголчууд бид өөр өөрсдийн түвшинд хийж, бүтээж оролдож, оролцож чадахынхаа хэмжээгээр монголын ирээдүйн оюуны санд хөрөнгө оруулалт хийж буйг дурдалгүй өнгөршгүй.
Харилцах утас:
Эска - (510) 759-9229
Цэрэндорж (415) 410-7748
Баатар (415) 823-4605
Номын цагаан буян дэлгэртүгэй!
Энхтуяа. Ц
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment