2007 оны 01 сарын 04 Калифорниа мужийн Livermore хотын ахлах сургуулийн 10 дугаар ангид маш амжилттай суралцаж буй нэгэн Монгол хүүг танилцуулж байна. Энэ хүү сурлага хүмүүжлээрээ шалгаран 2006 оны Bay Area-гийн төдийгүй Америкийн шилдэг сурагч болсон юм. Түүний нэрийг Д.Балжинням гэдэг.
Д.Балжинням монголдоо нэгдүгээр анги төгсөөд 8 настайдаа оюутан аав, ээжийгээ даган Америкт ирж, 2 дугаар ангид сурч эхэлжээ. Ирсний дараа Монгол хүүхдүүдэд тохиолддог хэлний бэрхшээлтэй учирч, багш, хүүхдүүдийнхээ яриаг ойлгохгүй, эхний үед монгол найз нөхдөө, багшийгаа, мөн хайрлан өсгөсөн өвөө, эмээгээ санаж байлаа. Монгол сургуульдаа байвал мөн ч гоё доо гэж боддог байжээ. Тулгарсан бэрхшээлийг давахын төлөө бяцхан хүү хичээж, зүтгэл нь ч талаар болсонгүй. Хэлний бэрхшээл аажмаар арилж, 3 сарын дараа бусдыг ойлгож эхэлсэнээр шууд 2 дугаар ангийн төгсөх шалгалтыг өгч, тэнцээд 3 дугаар ангид орсон байна. Нэг жилийн дотор 2 ангид сурч чадлаа.
Энэ нь түүний анхны амжилт юм. Балжинням Америк ирсэн цагаасаа хойш байнга бүх хичээлдээ онц дүнтэй суралцаж, олон шагнал урамшил авчээ. №2 Зураг дээр Балжинням хүү Муж улсад болсон олон арга хэмжээнд оролцож, Монголынхоо далбааг мандуулсан билээ. Д.Балжиннямын зарим шагналаас дурьдвал:
-АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн гарын үсэг бүхий Боловсролын яамны нэрэмжит Жуух, Зураг №03
-Калифорниа мужийн Сенатаас “Сурлагын онцгой амжилт” гаргасны шагнал, Зураг №05
-Сургууль болон ангийн шилдэг сурагчаар бол хэд хэдэн удаа шалгарч байв.
-2006 онд зохиогдсон Golden Gate мэтгэлцээнд сургуулиа төлөөлөн оролцож “Ялагдашгүй “ хэмээх цомоор шагнуулсан,
-Зүүн Bay Area-гийн математикийн тэмцээнд 3, 8-р байруудад шалгарч медаль болон үнэмлэх,
Д.Балжинням өөрөө амжилттай суралцаад зогсохгүй үе тэнгийн найз нөхөддөө Алгебра, Геометр зэрэг хичээлүүдээр нэмэлт хичээл, давтлага өгч тусалдаг тусч хүү юм. Балжинням сайн дурын аливаа ажилд идэвхтэй оролцдог. Тухайлбал, сургуулийнхаа номын санд болон Livermore хотын Номын санд сайн дураараа ажилладаг юм байна. Мөн Улаанбаатарт байгаа хүүхдүүдэд зориулан олон ном цуглуулж, 2004 онд өөрийн биеэр аваачиж өгсөн болон 2006 оны Хүүхдүүдийн шинэ жилийн баярт хөтлөгч хийн гар бие оролцжээ.
Балжинням бас урлаг спортод авьяастай нэгэн. Сургуулийнхаа усанд сэлэлтийн багийн гишүүнээр олон уралдаан тэмцээнд оролцож, мөн чөлөөт цагаараа softball тоглодог юм. Уран зураг чамгүй оролдож, түүний зурсан “Миний ээж” зураг нь Highlights сэтгүүлд хэвлэгдэн, мөн “Мөрөөдлийн гэр” сэдэвт зургаараа сургуульдаа сургалтын материал авах 500 доллараар шагнуулж байв. Зураг № 04Төгөлдөр хуур, cello хөгжмүүдийг сайхан тоглодог бөгөөд сургуулийнхаа Оркестрийн концертод сүүлийн 2 жилийн туршид cello тоглогчоор оролцож байна.
Сургуулийнх нь 547 сурагчдын сурлагаараа жагсаасан жагсаалтын нэгдүгээр байранд ямагт түүний нэр байдаг аж. Мөн 7 ангид байхаасаа л эхэлж University of California Berkeley-ийн геометр, математикийн хичээлүүдэд, 9-р ангиасаа Las Positas College-ийн Хими, Биологи, Дээд тооны хичээлүүдийг үзэж, дээд сургуулийн программд давхар суралцаж байна.
Монголчууд бидний бахархах ирээдүй, үе тэнгийнхээ Монгол хүүхдүүдэд үлгэр дууриал болсон онц сурлагтан, тэргүүний сурагч Д.Балжиннямдаа Ахлах сургуулиа амжилттай төгсөж, цаашдаа Их дээд сургуульдаа улам амжилттай суралцахын ерөөл дэвшүүлье.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment