Sunday, May 18, 2008
“Монгол Хүүхдийн Дуу Хоолой” уран бүтээлийн үзэсгэлэн
5-р сарын 4-нд Сан Франциско хотын Зиум (Zeum) хүүхдийн уран бүтээлийн төвд “Монгол хүүхдийн дуу хоолой” зураг, уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт сайхан болж нийт 100 орчим хүүхэд, эцэг эхчүүд хамрагдлаа. Үзэсгэлэнгийн нээлтийг Зиум төвийн менежер Майк Лай нээж “Монгол хүүхдүүдийн уран бүтээлүүд миний гаргаж байсан бусад үзэсгэлэнгүүдээс хамгийн чадвартай нь байлаа. Монголын өсвөр үе байгууллагын хамт олон энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад маш шаргуу ажилласанд талархаж байна. Үзэсгэлэнд оролцсон бүх хүүхдүүд маш их авъяастай, идэвхитэй юм, мөн хүүхдүүдээ дэмжиж энэхүү үзэсгэлэнд оролцуулсан эцэг эхчүүд та бүхэнд баярлалаа” хэмээн онцлон хэлсэн юм. Монголын өсвөр үе байгууллагын тэргүүн Эс-Олдох хэлсэн үгэндээ “Тус үзэсгэлэн нь Монгол хүүхдийн авъяас билгийг нээж хөгжүүлэх, сурталчлах, чадварлаг уран бүтээлч болоход нь дэмжлэг болох мөн тэдний уран сэтгэхүй, оюуны чадвар, дуу хоолойг Америкчууд болон гадаад оронд суугаа Монголчууддаа хүргэх зорилготой юм” гэж дурдлаа.
Тус үзэсгэлэнд Улаанбаатар хотын 47-р дунд сургуулийн 1-11-р ангийн сурагчдаас гадаад оронд амьдарч байгаа үе тэнгийн найз нартаа зориулж илгээсэн захидал, зураг, бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн нь содон харагдаж байсны сацуу, үзэсгэлэн сонирхогчид тэдний сэтгэл шингээж бичсэн захидал, уриа, мэндичлгээг ихэд анхааран уншиж байлаа. Тус сургуулийн сурагчид Америкт байгаа найз нөхөддөө “Эх орноо, эх хэлээ битгий мартаарай, эргэж ирээд эх орноо цэцэглүүлэн хөгжүүлээрэй, мөн захидал, и-мэйлээр харилцаж найзууд больё” гэсэн чин сэтгэлийн үгтэй захидал зурагнууд илгээсэн юм. Үзэсгэлэнд Сан Франциско бэй аэриагийн 3-21 насны нийт 22 хүүхэд оролцсон бөгөөд тэд үзэсгэлэн дуустал тэд Зиум уран бүтээлийн төвийн үйл ажиллагаанд үнэгүй хамрагдах эрхтэй боллоо. Үзэсгэлэн 6-р сарын 15 хүртэл олон нийтэд нээлттэй тул Монголчууд та бүхэн хамт олон найз нөхдөө урьж сонирхуулаарай. Дэлгэрэнгүй мэдээлэл авах: www.zamdaan.com, www.orloo.com, http://www.youtube.com/watch?v=BsaQWKZLyAE
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment