Хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах явцад бид олон хүмүүст уралдаан тэмцээнийг ивээн тэтгэхийг санал болгосон юм. Тэдний дундаас нэгэн хүн хамгийн цоглогоор эрс шийдэмгий “ЗА” гэсэн нь Б.Ууганцэцэг. Тэрээр дүү Ганбилэгтэйгээ хамтран гүйлтийн уралдааныг явуулж, ивээн тэтгэхдээ тун баяртай байна гэж уриалагхан хүлээн авсан нь надад тун их урам зоригийг өгсөн юм. Нээрээ бодохноо манай Ганбилэг чинь америк оронд ирээд сурахын хажуугаар гүйхийн гайхамшигийг үзүүлж өгсөн ёстой мундаг хүү билээ...
Б. Ганбилэг анх Калифорни мужийн Дэли Сити хотод 2005 oны 7-р сард ирээд анх ирсэн хүүхэд бүрт тохиолддог хэлний болон соёлын ялгааны бэрхшээлийг даван туулж, богино хугацаанд англи хэлийг амжилттай суралцан 2006 оны эцэс гэхэд оны шилдэг сурагчдын нэг болж чадсан нь үнэхээр бахархууштай.
Түүний сурлагынхаа амжилтаар авсан зарим шагналуудаас нь дурдвал:
ü “Outsdanding Student” - 2006,
ü Certificate of Excellence of “Honorable Mention In Analysis”,
ü Certificate of Achievement “Outsdanding Student”,
ü Боловсролын Хүндэт Жуух “Academic Educational Excellence” бичгээр тус тус шагнуулжээ.
Б. Ганбилэг сурлагаараа төдийгүй спортын төрлөөр гайхамшигт амжилтыг үзүүлэн сургуулийнхаа гүйлтийн аваргаар тодорч дүүрэг, мужаас 8 медаль авчээ.
Ганбилэг монголд байхдаа гүйлтийн уралдаанд огт орж байгаагүй бөгөөд Дэли Ситид ирсэнийхээ дараахан санамсаргүйгээр сургуулийнхаа гүйлтийн уралдаанд оролцсоноор түүний амжилтийн гараа эхэлж түүнээс хойш сургуулийнхаа гүйлтийн багт бэлтгэл хийхийн зэрэгцээ, ах Батбилэгээ даган коллежийн гүйлтийн багийн бэлтгэлд хамт гарах болж нөр их хөдөлмөрлөсний хүчинд сургуулийнхаа нэрийн өмнөөс уралдаан тэмцээнүүдэд орж эхэлсэн гэдэг.
Ганбилэгийн анхны тэмцээнүүд нь голдуу богино зайн гүйлт байв. Харин Жефферсон ахлах сургуулийн дасгалжуулагч багш Алваро түүний байгалийн авъяасыг нь олж харан дасгалжуулах болсоноор холын зайн гүйлтийн тэмцээнүүдэд оролцох боломжийг нээж өгчээ.
Өнгөрсөн жил Пенинсулагийн Аварга шалгаруулах тэмцээн (PAL-Peninsula League Athletic)-д оролцож, дараа нь Төвийн бүсийн (CIF-Central Coast Section) уралдаанд 4-р байранд орсоноор Калифорни мужийн аваргад орох эрхийг олж авчээ. CIF-т гүйхийнх нь өмнө түүний дасгалжуулагч Алваро “Ганбилэг зүгээр гүйх дуртай хүүхэд биш харин тэмцэх дуртай тул би түүнд огт санаа зовохгүй байна” гэж хэлсэн гэдэг. Ганбилэг маань мужийн аваргад маш хүчтэй өрсөлдөгч нартай таарсан ч тэднийг ардаа хол хаян дараагийн шатны Footlocker тэмцээнд Лос Анжелес хотноо оролцох урилгыг авчээ. Түүний тухай Сан Франциско хотын сонин San Francisco Chronicle-ийн 2006 оны 11-р сарын 3-ний дугаар дээр From Mongolia to top of PAL, мөн Дэли Ситигийн сонин дээр Cross-country king rules Peninsula нийтлэлүүд зургийн хамт гарч байлаа.
Б. Ганбилэгийн дайчин идэвхи зүтгэл, уйгагүй хөдөлмөр, сурлага болон спортоор олсон амжилтууд, Монгол улсынхаа нэрийг дэлхийн том гүрэнд түгээж яваа гайхамшигт амжилтыг нь үнэлэн өнгөрсөн онд Монголын Өсвөр Үе байгууллагаас БЭЙ АЭРИАГИЙН ОНЫ ШИЛДЭГ СУРАГЧ-аар шалгаруулсан юм.
No comments:
Post a Comment